ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ албан хаагчдад ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ЭРХ ОЛГОЛОО. Тэд бол коронавируст цар тахлын үед халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон хөл хорионы үед өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд өөрийн мэргэжил ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэн ажилласан нисэгч, алба хаагчид юм.
УОК, МУЗГ-ын шийдвэрийн дагуу “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас КОВИД19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний алба хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөрт хамруулж байгаа бөгөөд хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид холбогдох шаардлагуудад нийцүүлэн орон сууцаа өөрөө сонгож, гэрээ байгуулан хамрагдах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан дайчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай ”гэв.