ТАНИЛЦ: 11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэ дүрэм БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 8-ны хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрмийг шинэчилэн баталсан.

 

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөх юм. 

Шинэ дүрэмд орсон өөрчлөлтүүдээс онцолбол

  • Явган зорчигч нь зорчих хэсгээр явж байхдаа:
  • Утсаар ярих,
  • Гар утас болон түүнтэй ижил төстэй тоглоом, хэрэгсэл оролдож ширтэх,
  • Зохицуулагчийн шүглийн чимээ, бусдын дуут дохио, анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүх,
  • Ном, сонин гэх мэт зүйл унших”,
  • Зорчих хэсэг дээр дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явахыг хориглосон байна.
  • Хороолол дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг жолоочид хориглолоо.
  • Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.
  • Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.
  • 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
  • Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.
  • Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.
  • Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй..
  • Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглолоо.
  • Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.
  • Трактор болон өөрөө явдаг машин, механизмд зорчигч тээвэрлэхийг хориглолоо.
  • Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.
  • Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа үйлчилгээний талбайд цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглов.
  • Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.
  • Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болов.
  • Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.
ТАНИЛЦ: 11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөх замын хөдөлгөөний шинэ дүрэм БҮРЭН ЭХЭЭРЭЭ