Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг “НОСК” ХК-иас өнгөрсөн оны 11-р сард эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 9,10 дугаар хороонд нийтдээ 6,4 га газарт 125 нэгж талбар буюу хашааны 440 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж шинэ орон сууцандаа орсон байна. Дээрх байршлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд 250 орчим янданг бодитойгоор буулгажээ.
Харин энэ удаад Баянзүрх дүүргийн 19-р хороо Цайз орчим 79 өрх айл нэгдэн газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн өнөөдөр эхний 10 өрх шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байна. Өөрсдийн өмч хөрөнгөө үнэлүүлэн, богино хугацаанд газраа орон сууцаар сольж буй иргэдийн хувьд амьдрах орчноо сайжруулж байгаадаа туйлын баяртай байна гэдэгээ илэрхийлж байлаа. Цайз орчим газраа орон сууцаар солих ажил хэрэгжсэнээр 4,3 га газар чөлөөлөгдөж 150 орчим яндан бодитоор буурч 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдаж байгаа юм. Дээрх иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, "НОСК" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар гардууллаа.
“НОСК” ХК-иас газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой, гэр хорооллын бүсийн 24 байршилд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Уг чөлөөлсөн талбайд олон улсын стандартад нийцсэн нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн “ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ”-ын бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.