Хятадын засгийн газар АНУ-ын ерөнхийлөгчид

Лхагва гарагт Нью Йорк Таймс сонин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг туслахуудынхаа үгийг тоолгүй хувийн iPhone гар утсаараа бусадтай харилцдаг тул Хятадын тагнуулууд яриаг нь сонсох бүрэн боломжтой гэсэн мэдээлэл тараасан юм.

 

Тэгвэл өчигдөр Хятадын гадаад хэргийн яамнаас энэ мэдээллийг няцаажээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь дээрх нийтлэлийг бичсэн сэтгүүлч нарыг “ямар ч зовлонгүйгээр Оскарын шилдэг зохиолын шагнал авах авьяастай” хүмүүс гэж хэлээд Нью Йорк Таймс сониныг “хуурамч мэдээ” (fake news) түгээдэг болохоо батлан харууллаа гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Вашингтон үнэхээр ерөнхийлөгчийнхөө ярианы нууцлалд санаа зовж байгаа бол iPhone-ийг нь Huawei үйлдвэрийн утсаар сольж өгөхийг зөвлөжээ.

Трампын мэдээллийн нууцлалыг бүрэн хангахыг хүсвэл түүнд ямар ч орчин үеийн техник хэрэгсэл өгөлгүй, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлах боломжтойг тэр мөн сануулсан байна. АНУ-ын эрх баригчид төрийн албан хаагчдаа Хятадын Huawei, ZTE үйлдвэрлэгчдийн гар утас, төхөөрөмжүүдийг ашиглахыг хориглодог нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой гэдэг.

Сүүлийн үед АНУ-ын албаныхан Хятадыг тус улсын дотоод улс төрийн амьдралд нөлөөлөх ажиллагааг ихээр явуулдаг болсон тухай байнга ярих болсон. Дэд ерөнхийлөгч Майк Пэнс өнгөрсөн сард нэгэн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ АНУ-ыг чиглэсэн Хятадын далд ажиллагаа нь Оросынхоос хамаагүй илүү хүчтэй, өргөн далайцтай байгаа тухай ярьсан юм.

Хятадын засгийн газар АНУ-ын ерөнхийлөгчид