“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардууллаа

“Нийслэлийн орон сууцны корпораци” нь Орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр бүрдүүлж чадаагүй тогтмол орлоготой боловсролын олон шатлалын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бий болгох зорилгоор Улаанбаатар хотыг тойрсон 10 байршилд орон сууцны төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.  Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа 2 хороолол юм.

“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоол, “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай”  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоолын дагуу “Буянт-ухаа 2” хорооллын 972 айлын Түрээсийн орон сууцанд зорилтот 8 бүлгийн иргэдэд хамруулахаар болсон.

"Буянт-Ухаа – 2 " "Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан бөгөөд Үүнтэй холбоотойгоор "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлагдсан. Дээрх журмын дагуу цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулж, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орсон 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа.

 

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өндөр настан 88 настай Д.Очирбат:

 

-Олон жил хүлээсэн байрандаа орох болсондоо баяртай байна. Энэ сонгон шалгаруулалтыг худлаа байх даа, дээгүүрээ хувааж идээд дуусдаг мэтээр бодож байсан. Гэтэл утсаар орон сууцанд орох боломжтой талаар дуулгахад баярласандаа уйлсан. Би 43 жил барилгын салбарт ажилласан. Насны сүүлд төр засгаас орон сууц авна гэдэг маш сайхан зүйл юм байна.

Сонгинохайрхан дүүргийн  24 дүгээр хорооны иргэн Х.Базаррагчаа:

-Би 4 ба түүнээс дээш өрхийн ангилалд бүртгүүлсэн. Ам бүл зургуулаа. Анх орон сууцанд орох шалгаруулалтад тэнцсэнээ интернэтээр хараад итгээгүй. Утсаар лавлаж нэмэлт материалуудаа өгөхдөө хүртэл итгэж чадахгүй байсан. Нийслэлийн зүгээс үнэхээр ингэж залуу гэр бүлүүдээ дэмжиж байгаад баяртай байна.

"АЗИЙН ХОТУУДЫН ОРОН СУУЦНЫ IV ФОРУМ"-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна