Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллагааг нь гэрээсээ удирддаг робот үйлчлэгчтэй кафе өчигдөр буюу Даваа гарагт Токио хотын Минато дүүрэгт нээгджээ.
1.2 метр өндөртэй, таван ширхэг робот хүмүүст үйлчилж байгаа ба тэдний ажиллагааг булчингийн мэдрэлийн өвчтэй, суугаа хүмүүс гэрээсээ удирддаг юм байна.
Dawn ver.β нэртэй уг кафе ирэх сарын 7-ныг хүртэл туршилтаар ажиллах ажээ. Үйлчилгээнд ашиглаж байгаа OriHime-D роботууд нь дуу, дүрсийг интернэтээр удирдаж байгаа эзэн рүүгээ дамжуулдаг. Гэрээсээ ажиллаж буй хүн компьютер, таблет зэргээр команд өгч роботуудыг ажиллуулдаг юм.
Нийтдээ 10 хүн ээлжээр, цагийн 1,000 иений хөлстэй ажиллах ажээ. Японы гурван компани ийм үйл ажиллагаатай байнгын кафег 2020 оны Токиогийн Олимпийн наадмаас эхлэн нээхээр төлөвлөсөн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй хүмүүст ажлын байр бий болгож өгч байгаа нь уг төслийн онцлог болж байгаа ажээ.