Милан хотод сүндэрлэсэн БОСОО ОЙ

Милан хотын Изола хэмээх дүүрэгт “Боери Студио” (Стефано Боери, Жанандреа Баррека, Жованни Ла Вара) Термигаз компанийн оролцсон гайхамшигтай төслийг 2015 онд ашиглалтад өгөх ёслол болсон билээ. 

 

Итали улсын Милан хотын төвд байрлах 300 мянган ам метр талбайг хамарсан “Porta Nuova” орчуулбал “Шинэ Хаалга” хэмээх байгаль орчинд ээлтэй бүхий л шинэлэг технологийг ашиглан хамгийн их ногоон байгууламжыг бий болгосон уудам  хотхоныг “Боско Вертикале” нь чимэглэн сүндэрлүүлсэн. Милан хотод болсон дэлхийн экспогийн үеэр хамгийн шинэлэг, эко ногоон орчныг бүтээсэн гайхамшигтай төсөл гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

Боско Вертикале гэдэг нь “Босоо Ой” гэсэн утгатай бөгөөд үнэхээр жинхэнэ утгаараа босоо ой мод бүхий сэтгэгдэл төрүүлдэг. Эргэн тойрон ургамал модоор бүрхэгдсэн орон сууцны хоёр том ногоон цамхаг юм. 17 давхар “Д” барилга нь 78 метрийн өндөртэй бол 24 давхар “Е” барилга нь 111 метрийн өндөртэй.

“Giardino di Porta Nova” орчуулбал “Порта Новагийн цэцэрлэгт хүрээлэн” хэмээх том цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх гайхамшигтай энэхүү хоёр барилга дээр 1,000 хол давсан төрлийн ургамал ургадаг ба энэ нь хүрээлсэн ногоон орчиндоо ууссан мэт сэтгэгдэл төрүүлэм гайхалтай зохицолтой.

 

“Босоо ой” нь зэрлэг мэт санагдах ногоон байгаль дунд аюлгүй, тав тухтай, сүүлийн үеийн  орон сууцанд амьдрах, амьдралын шинэ хэв маягийг мэдрүүлдэг.

Лоббины хэсэг нь том шилэн ханануудтай ба нэвт харагдах энэхүү хананууд нь гоёмсог цэцэрлэгт хүрээлэнд зогсож байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Террац балконууд нь оршин суугчдадаа уудам ногоон байгууламж харагдах орчин бэлэглэхээс гадна хотын дүр төрхөд үнэхээр сэтгэл татам өнгө өнгийн модлог болон цэцэгт, бутлаг гээд 1,000 гаруй ургамлын гоо үзэмжийг гайхуулсан. Агаарт байрлах мэт сэтгэгдэл төрүүлэх агуу том хоёр цэцэрлэгийг санагдуулна.

 

“Боско Вертикале”-гийн гурван метр хүртэл өргөнтэй том террацууд нь үнэхээр нээлттэй тэнгэр доорх тухлаг тайван өрөөнүүд юм. Энэхүү агаарт байрлах цэлгэр ногоон орчинд гэр бүл, найз нөхдийн хамт зоог барих эсвэл тайван орчинд ном унших гэх мэтээр цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой. 

ТУРШЛАГА: Милан хотод сүндэрлэсэн БОСОО ОЙ