Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ-г Нийслэлийн дээд шагнал ХАНГАРДИ одонгоор шагналаа.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК болон “Сөүлийн орон сууцны корпораци” хамтын ажиллагааг эхлүүлээд 3 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд 2017 оны 3 дугаар сард “Орлогод нийцсэн орон сууцны загвар төсөл боловсруулах” хамтран ажиллах гэрээг байгуулж байсан юм. Тус гэрээний дагуу хамтарсан ажлын хэсэг нэг жилийн хугацаанд судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж талбаруудтай танилцах, бодит байдлын судалгаа хийх, ажлын явцыг эрчимжүүлэх зорилгоор хамтран ажиллах гэрээг дахин боловсруулж санамж бичиг байгуулах зорилгоор Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нар манай улсад албан айлчлал хийж байгаа билээ.

Тус айлчлалын үеэр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзан Нийслэл хотын бүтээн байгуулалтын талаар санал солилцсон юм.

Мөн Нийслэл Улаанбаатар хотын орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн судалгааг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажиллаж байгаад талархан Нийслэлийн дээд шагнал болох ХАНГАРДИ одонгоор шагналаа.

“Сөүлийн орон сууцны корпораци”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа