“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотой Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийн нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар дэд бүтцийн төвүүдэд өнөөдөр ажиллалаа.
Одоогийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээ тавигдсан байна. Мөн Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг хайсны угсралт хийгдэж дуусжээ. Цаашид Баянхошуу дэд төвд 7.42 км автозам, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой зэрэг хийгдэх юм байна.