Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлэх талбайд очиж ажиллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд олон өрхийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орлогод нийцсэн орон сууц гэхээрээ хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн орон сууцыг хэлнэ. Түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа орлогод нийцүүлсэн гэж байгаа. НОСК ХК, хувийн хэвшилтэй хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтыг шинэ зохион байгуулалтаар эхлүүлж байна. Нийслэл газраа шийдэж, дэд бүтцээ татаж өгнө. Ингээд чадвартай, хариуцлагатай барилгын компаниудыг энэ ажилд оруулна. Ирэх хавраас Морингийн даваанд жишиг төлөвлөлттэй орон сууцны хороолол баригдаж эхэлнэ. Энд амины болон нийтийн орон сууцны аль аль нь байна. Морингийн даваа руу Яармаг нисэх чиглэлийн замаар ирэх ганц замтай болчихоод байгаа. Бид шууд нисэх, Морингийн давааны замаас 22-ын товчоо руу холбох зам дэд бүтцээ давхар төлөвлөөд явна. Хотыг задлах, захаас нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Морингийн даваа орчмын айл өрхүүд орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой” гэв.
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар: “Эхний ээлжинд бид 46 га талбайд төлөвлөлт хийж байгаа. Дэд бүтцээ бид өөрсдөө шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалтаа зарлахад бэлэн болоод байна. Бид компаниудтай барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна. Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон бусад газарт газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулна. Зарим талбар дээр компаниуд нэгдээд орж болно” хэмээлээ.
Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөл нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчимд нийтдээ 129 га талбайг хамрах бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс 13 км-т байрлах Био-технологийн кластер, уламжлалт эм, эмнэлэг, бариа заслын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ суурьшлын хороолол бий болох юм.