Нийслэлийн орон сууцны корпораци Орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөр бүрдүүлж чадаагүй тогтмол орлоготой боловсролын олон шатлалын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бий болгох чиглэлээр Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон 10 байршилд орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцны төсөл юм.
Тус төслийн хүрээнд энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ШИЛЭН цахим хэлбэрээр зохион байгуулж шалгарсан иргэд орон сууцанд хамрагдах БАТЛАМЖАА гардан авсан.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс иргэд шилжин суурьшихад гарч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж хуваарийн дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 23-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл 8 хоногийн хугацаанд эхний 6 блок байрны оршин суугчид болох 318 айл орон сууцаа хүлээн авч шинэ байрандаа орлоо. Ирэх долоо хоногт үлдсэн 262 өрх шинэ байраа хүлээн авна.
Ингээд шинэ байрандаа орсон иргэдийн сэтгэгдэлээс хүргэе.
Д.Дэлэг /Ахмад настан/: Хүсэл минь биеллээ
Одоо нас 91 хүрч байна. 10 гаруй жилийн өмнөөс л төр засагтаа түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ тавьж байсан. Энэ сонгон шалгаруулалтыг худлаа байх даа, дээгүүрээ хувааж идээд дуусдаг мэтээр бодож байсан. Гэтэл утсаар орон сууцанд орох боломжтой талаар дуулгахад баярласандаа уйлсан. Өвгөнийгөө бурханд явуулснаас хойш нэг хүү минь үрэгдсэн. Төр засагаас бас амьдралын минь бодит байдлыг харж үзээд орон сууцанд хамруулж байгаад хязгааргүй их баяртай байна. Хүсэл минь биеллээ.
Г.Нямсайхан /Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч/: Шинэ байрандаа цэвэр цэмцгэр сайхан амьдарна
Би 52 настай. Ти Ай Ложистик тээвэр зуучийн компанид ажилладаг. Орлогодоо тааруулаад 49 ам метр 2 өрөө байр сонгосон. Сэтгэгдэл маш өндөр байна. Анх телевизээр мэдээ үзэж байгаад бүртгүүлсэн. Үнэхээр үнэн шударга явагдсан гэдгийг хэлмээр байна. Миний хувьд цахим бүртгэлд бүртгүүлчээд явж байтал та тэнцсэн байна гэж утасаар холбогдсон. Би ч бүр бүртгүүлснээ ч мартчихсан ээлжинд явж байтал утасаар ярьсан. Одоо цаашдаа хувь хүнээс л шалтгаална. Тийм учраас шинэ байрандаа цэвэр цэмцгэр сайхан амьдарна гэж бодож байна.
С.Нарантуяа /Төрийн албан хаагч/: Яндангаа буулгаад шинэ байрандаа орж байгаад баяртай байна
Би Онцгой байдлын ерөнхий гарын харъяа Улсын нөөцийн газар Харуул хамгаалалтын ажил хийдэг. Манай гэр бүлийн хувьд ам бүл 4-үүлээ. Улаанбаатар хотод нүүж ирээд 20-иод жил болж байна. Баянхошуунд хүргэнийхээ хашаанд нэг гэр бариад амьдарч байсан. Шинэ байрандаа орохдоо яндангаа буулгаад гэрээ хураагаад нүүж ирсэн. Шинэ байрандаа орсон дулаахан тав тухтай маш сайхан байна.
Х.Базаррагчаа /18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэхдтэй гэр бүл/: Шинэ байртай болсны зэрэгцээ ажлын хамт олон маань шинэ байрыг маань бүрэн тохижуулж өгнө гэсэн.
Манайх нэг ой найман сартайгаас 11 хүртэлх насны долоон хүүхэдтэй. Эхнэр бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байна. Энэ хугацаанд таван ханатай монгол гэрт амьдарсан. Тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагүй ч түрээсийн орон сууцны бүртгэл эхлэнгүүт материалаа бүрдүүлж өгсөн. Дараа нь түрээсийн орон сууцанд хамрагдах болсныг утсаар дуулгасан. Ингээд гурван өрөө шинэ байранд ор байгаадаа маш их баяртай байна. Нийслэлийн зүгээс үнэхээр ингэж залуу гэр бүлээ дэмжиж байгаад маш их баярлалаа. Би “MCS”-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг юм. Энэ билэгт сайн өдөр шинэ байртай болсны зэрэгцээ ажлын хамт олон маань шинэ байрыг бүрэн тохижуулж өгнө гээд давхар баяр тохиогоод байна.