“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоолын дагуу “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоол батлагдсан. Мөн тус хурлаар “Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн үйл ажиллагааны журам батлах тухай” 113 дугаар тогтоолыг баталсан юм.
Уг тогтоолын дагуу “Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх юм.
Иргэд Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд, Өрх толгойлсон эцэг/эх гэсэн 8 бүлгийн дагуу бүртгэл үүсгэн анкетаа бөглөж хүсэлтээ илгээсэн.
Цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:
- Залуу гэр бүл гэсэн ангилалд 4,443 иргэн
- Төрийн албан хаагч гэсэн ангилалд 6,542 иргэн
- Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд 9,549 иргэн
- 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд 960 иргэн
- Өрх толгойлсон эцэг/эх гэсэн ангилалд 3,148 иргэн
- Ахмад настан гэсэн ангилалд 7,166 иргэн
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд 3,134 иргэн
- Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдолыг бодитойгоор бууруулах үүднээс орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлж цахим бүртгэлд хамрагдсан иргэдэд Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа.
Нийслэлийн орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулан ажиллана.
Тухайн комисс нь эхний ээлжинд Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын 3 хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх юм. Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдах бөгөөд шаардлага хангасан иргэнд “Нийслэлийн Орон сууцны корпораци”-иас орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулж байранд нь оруулах юм.