Шинэ коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэхээр галын шугамд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн 10 ажилтанд түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууц олгох батламжийг Төрийн ордны Шадар сайдын өрөөнд өнөөдөр гардуулав.
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор өнгөрсөн сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” тогтоол баталж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг байгуулж тус хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэн 1500 албан хаагчийг орон сууцтай болгох ажлыг шат дараатай шуурхай зохион байгуулж байна.
Эхний ээлжинд шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй ХӨСҮТ-ийн 10 албан хаагчийг энэхүү хөтөлбөрт хамруулжээ.
УИХ-аас дөрөвдүгээр сарын 29-нд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг дэмжих тухай хууль баталсан. Тус хуульд Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд, эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэрийн ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргахаар заасан гэдгийг батламж гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо. Тэрбээр, "Та бүхний хүчээр Монгол Улс цар тахлыг дотооддоо алдаагүй, дэлхийн жишиг улс болж байна. Монголын төр сайн ажиллаж зүтгэсэн хүнээ онцгойлон урамшуулна. Орон сууцгүй иргэдээ орон сууцаар хангах, илүү цагийн хөлсийг нь шуурхай бодож өгөхөд анхаарах ёстой. Мөн төрийн шагналаар шагнах асуудлыг хөөцөлдөх хэрэгтэй. Албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууц олгохдоо нэгдүгээрт, 100 хувь барьж дуусаад улсын комисс хүлээж авсан, хоёрдугаарт, чанар, стандарт бүрэн хангасан, гуравдугаарт, метр кв-ын үнэ нь харьцангуй бага байх шаардлагыг барилгын компаниудад тавьж байгаа. Удахгүй хаана, ямар орон сууц байгаа талаар нэгдсэн жагсаалт гарна. Та бүхэн батламжаа авсны дараа тэдгээрээс өөрсдөө сонгох боломжтой" хэмээв.
Тэрээр, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орох иргэдэд урьдчилгаа төлбөрийн хувьд уян хатан байхаар зохицуулж байгааг цохон тэмдэглэв. Ингэхдээ, тухайн хүн өөрт байгаа боломжийн хэрээр урьдчилгаа өгнө, өгөхгүй байсан ч болно. Мөн сард төлөх төлбөрөө өрхийн орлогодоо нийцүүлэхээс гадна түрээсийн гэрээг аль болох урт хугацаатай байхаар шийдэж байгааг тодотгов.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, "1990 онд миний бие ОХУ-д сургууль төгсөөд эх орондоо ирээд өөрийн гэсэн орон байргүй байсан. Тухайн үед Монгол телевизэд ажилладаг уран бүтээлчдэд хотын захиргаанаас байр олгодог байлаа. Надад хотын захиргаанаас нэг өрөө байрны түлхүүр өгч байсан. Тэр үед би хотын захиргаанаас яаж гарснаа ч санадаггүй, тэгж их баярлаж, догдолж байсан. Үүнтэй ижил мэдрэмж та бүхэнд төрж байгаа гэдэгт би итгэж байна" хэмээв. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас 100 тэрбум, Засгийн газрын нөөц сангаас 3.4 тэрбум төгрөг гаргаж, НОСК-аас барилгын компаниудтай гэрээ байгуулж энэ боломжийг олгож буйг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тодотголоо.
ХӨСҮТ нь 800 гаруй албан хаагчтай бөгөөд өөрийн орон сууцгүй, түрээсийн байранд амьдарч байгаа дээрх 10 албан хаагчийг хамт олон нь сонгосон гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Тэрбээр, эмч, эмнэлгийн ажилчдад түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууц олгох ажлыг шуурхай зохион байгуулж буй Засгийн газар болон Шадар сайдаар ахлуулсан ажлын багт талархал илэрхийлэхийн зэрэгцээ өнөөдөр ХӨСҮТ-ээс 10 хүн эдгэрч гарсан бол мөн 10 хүн байртай боллоо хэмээн онцоллоо.
Батламж хүлээн авч байгаа албан хаагчид, цар тахал дэгдэх үеэс Засгийн газар, УОК-оос эм тариа, тоног төхөөрөмжөөр хангаж байсан нь энэ өвчнийг даван туулах итгэлийг сэргээсэн хэмээгээд, ар гэртээ санаа зовохгүй, ажлаа сайн хийхэд дэмжиж байгаад талархал илэрхийлж байв.
Энэ үеэр, Шадар сайд Ө.Энхтүвшин, УОК-т цугларсан хандивын хөрөнгөөс Монгол Улсад байхгүй байгаа уушги орлох экма аппаратыг ХӨСҮТ-д олгохоор гадаадаас захиалсан гэдгийг дурдлаа. Мөн Улсын нэгдүгээр эмнэлэгт амьсгал дэмжих хоёр аппарат, Улсын хоёрдугаар эмнэлэгт гимодиализын бөөр цэвэршүүлэх хоёр аппаратыг худалдан авах хөрөнгийг шилжүүлсэн гэдгээ дуулгав.