“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоол, “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоолын дагуу “Буянт-ухаа 2” хорооллын 972 айлын Түрээсийн орон сууцанд зорилтот 8 бүлгийн иргэдийг хамруулахаар батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах ажил зохион байгуулагдсан юм.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн зүгээс тус байранд хамрагдсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд эхний 6 блок байр буюу 1035, 1036, 1038, 1039, 1041, 1042 дугаар байруудад оршин суух иргэд өнгөрсөн сарын 23, 24, 25-ны өдрүүдэд түлхүүрээ гардан авч байрандаа орсон.
Харин үлдсэн 5 блок байр болох 1043, 1044, 1046, 1049, 1050 дугаар байруудад орох иргэдийн хувьд Улсын комисс хүлээн авах ажил удаашралтай байснаас үүдэн нэг сарын хугацаанд хойшилсонд иргэд та бүхнээс хүлцэл өчье. Мөн энэ хугацаанд хүлээцтэй хандаж байсан та бүхэнд баярлалаа.
“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын Түрээсийн орон сууцны 1043, 1044, 1046, 1049, 1050 дугаар байранд орох иргэд ирэх долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гарагт буюу 12 дугаар сарын 02, 03, 04-ний өдрүүдэд орон сууцаа хүлээн авч түлхүүрээ авна уу.