Казахстан улсын орон сууцжуулах хөтөлбөр-2021 он

2021 оны цар тахлын хүнд үед Казахстаны одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон орон сууцжуулах хөтөлбөрийн бодлогын шинэчлэлт хэрэгтэй байгааг онцолсон байна. Түүнчлэн  Казахстаны Засгийн газраас  “5-10-20” орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Ерөнхийлөгч Токаев иргэд тэтгэврийн сангаас хадгаламжаа татсанаар амьдрах орчноо сайжруулах боломжтойг дурдсан төдийгүй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарч буй үнийн өсөлтийг хязгаарлах үр нөлөөтэй арга хэрэгслүүдийг танилцуулахыг засгийн газрын бие бүрэлдэхүүнд үүрэг болгосон байна.

Казахстан улс орон нутаг дахь орон сууцжуулах асуудлуудаа шийдвэрлэхийн тулд, хувийн хэвшлүүд ажилчдаа орон сууцжуулж байгаа тохиолдолд төрийн зүгээс барилгажилтын зардлын 50 хувийг нөхөн олгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар цар тахлын нөлөө, бизнесийн өсөлтийн удаашрал бий болсон ч барилгын салбар Казахстаны эдийн засгийн суурь үйл ажиллагаа хэвээрээ буй аж. Түүнчлэн 2021 оны жилийн эцсээр 15,3 сая метр квадрат орон сууц ашиглалтад орох ба энэ нь 2019 оныхоос 16,8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Казахстаны ерөнхий сайд онцоллоо.

Нурсултан, Шымкент, Караганда болон Умард Казахстан, Жамбыл бүс нутгуудад орон сууцжуулах хөтөлбөр идэвхтэй хэрэгжиж буй юм. Шинжээчдийн дүгнэлтээр Казахстаны засгийн газрын барилгын хөгжилд тавьж буй онцгой анхаарал энэ салбарын амжилтыг хадгалж байна гэж гарсан байна. Нурлы Жер орон сууцжуулах хөгжлийн хөтөлбөр нь үл хөдлөх хөрөнгийн зээлийн бага хүүг (Жилийн 5 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөр 20 хувь ба түүнээс дээш) санал болгодог байна.

2021 онд 916 сая доллар Шанирак сангийн төсөлд санхүүжилт болж орж буй ба үүнээс 422 сая доллар нь зээлээр орон сууцжуулах хөтөлбөрт хуваарилагдсан байна. Мөн 493 сая доллар нь Орон сууц барилгажилтын хадгаламжийн банканд, 5-10-20 хөтөлбөрийн зээлийн эх үүсвэр болж хуваарилагдсан юм.

Өмнөх он буюу 2020 онд Казахстаны засгийн газар барилгын салбар дах төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, орон сууцны барилгажилтад нийт 4 тэрбум долларын санхүүжилтийг олон төрөлт эх үүсвэрээс бүрдүүлж хөрөнгө оруулалт хийсэн байна. Засгийн газрын хөрөнгө оруулалт хамгийн багадаа 40000 өрхөд дэмжлэг үзүүлж, 9000 гаруй өрхийг түрээсийн орон сууцанд оруулсан байна.

Хот байгуулалт, төлөвлөлтийн хувьд улсын хөгжил, бүтээн байгуулалтаараа гайхагддаг Казахстан улс  1997 онд Астана хотыг шинэ нийслэл болгох үедээ уг хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад онцгой ач холбогдол өгсөн байна. Астана хотыг Казахстаны нийслэл хэмээн зарлахаас өмнө "Шинэ нийслэл" төсөл боловсруулах олон улсын уралдаан зарласан ба тус уралдаанд дэлхийн томоохон хотуудын хөгжлийн зураг төслийг гаргаж байснаараа алдартай Японы архитектор Кисё Курокавы түрүүлсэн байна. Астана хотын хүн ам хурдацтайгаар өссөнөөс үүдээд хотын ерөнхий төлөвлөгөөг өөрчлөхдөө байгаль орчны асуудал болон хот төлөвлөлтийн олон улсын туршлагуудыг харгалзан үзжээ. Астана хотын хөгжлийн цогц шийдэл нь /үүнд хотын захын хорооллын хөгжилд онцгой анхаарал хандуулах аж/, тээврийн дэд бүтэц, хот төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалт, журам, хотын ерөнхий төлөвлөгөө гэсэн үндсэн гурван хэсэгт тулгуурладаг байна.

Эх сурвалж: https://astanatimes.com/2021/04/affordable-housing-among-top-priorities-for-kazakh-government

 https://elbasy.kz/en/capital-kazakhstan-nur-sultan

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА!