Орон сууцны дундах зам цөмөрч, ачааны машин онхолдлоо

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо буюу “Драгон” төвийн чанх ар дахь 22А байрны урд талын зам цөмөрч, хүнд даацын машин онхолдсон хэрэг өнөөдөр 12.30 цагийн үед гарлаа.

22А байрны оршин суугчдын хэлж буйгаар “Хадан Ус” ХХК барилгын ажил эхлүүлэхдээ зам руу хэт шахаж нүх ухсанаас энэ хэрэг үүдэлтэй гэв. Онхолдсон машины тухайд 14 тонн улаанбуудай ачиж явжээ. Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ ганцаараа явсан, азаар амь насанд нь аюул учраагүй байна.

“Хадан Ус” ХХК-ийн барилгын ажил хариуцаж байгаа гэх залуугаас бид тодруулга авах гэсэн боловч тэрбээр ярилцахаас татгалзсан төдийгүй "Барилга барих үед оршин суугчдын эсэргүүцэлтэй таарах нь байдаг л зүйл ш дээ. Ажлын хэсгийн дүгнэлт гарсан хойно л тайлбар өгнө" гэлээ.

Харин оршин суугчдын хэлж буйгаар тус компани 2014 оноос барилгын ажил эхлүүлж, иргэд ч удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн гэнэ.

Хамгийн гол нь энэхүү замаар зүүнээс баруун чиглэлийн зарим том оврын автобус зорчдог байна. Хэрэв автобус онхолдсон бол хэн хариуцлага хүлээх вэ хэмээж байлаа

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр удирдуулдаг робот үйлчлэгчтэй кафе Японд нээгджээ