Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот байгуулалт, менежментийн хорооны дарга Ким Ин жэ болон “Сөүлийн орон сууцны корпораци”-ийн дарга Ким Сей Юн нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд болон бусад албаныхан оролцсон юм. Тэд “Аз жаргалтай Улаанбаатар” хотод хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.
“Сөүл хотын Орон сууцны корпораци” нь “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байгаа бөгөөд тус санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод байгаа хямд өртөгтэй орон сууцны судалгаа, түрээсийн орон сууцны олон төрлийг хөгжүүлэх санхүүжилтийн механизмыг боловсруулах, Улаанбаатар хотод түрээсийн орон сууцыг барих эрх зүйн болон институцийн тогтолцоог боловсронгуй болгох, орон сууцны мэдээллийн санг боловсронгуй болгох, талуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ.
Уулзалтын үеэр Хотын дарга: Нийслэл хотод түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг нэвтрүүлэх, 40-60мкв бүхий хямд өртөгтэй орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжлийн сан /EDCF/ -аас олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас 4 төсөл хамруулахаар санал хүргүүлсэн үүнээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчимд хэрэгжих 1006 айлын “Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх төсөл”, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам орчимд хэрэгжүүлэх 2000 айлын “Түрээсийн болон ахмадын орон сууцыг хөгжүүлэх төсөл”-үүд дэмжигдэн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болсон талаар дурьдсан юм. Мөн цаашид Нийслэлийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч дэмжиж ажиллана гэдгээ хэллээ.
Сөүл хотын Орон сууцны корпорацийн хувьд газар шинэчлэн зохион байгуулах, суурьшлын бүс, шинэ хотын бүтээн байгуулалт, хямд өртөгтэй орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэх үндсэн чиглэлээр дахин төлөвлөлт хийдэг бөгөөд Түрээсийн орон сууцны чиглэлээр тусгай бодлого боловсруулан ажилладаг байна. Сөүл хотын нийт орон сууцны 8 хувийг түрээсийн орон сууц эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд 105,770 түрээсийн болон халамжийн орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг хийж 240,000 иргэнийг орон сууцанд хамруулсан туршлагатай байгууллага юм.