Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдлаа

Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлнэ

      Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын эхэнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. Журмын танилцуулгыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын захирал Б.Сүхбаатар хийлээ.  Тус журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгасан юм.

    Ингэхдээ Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан байгуулж түүгээр иргэн, хуулийн этгээдийн зүгээс орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтээ илгээн захиалах бүрэн боломжтой байхаар тусгасан байна. Нөгөөтэйгүүр орон сууцаа худалдах, түрээслэх төсөл хэрэгжүүлэгч, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд мэдээллээ байршуулах боломжтой юм. Ийнхүү хоёр талын мэдээллийг Орон сууцны мэдээллийн сангаар дамжуулан бүртгэлжүүлж, цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх, иргэдийг түргэн шуурхай, бодит мэдээллээр хангах давуу талтай болохыг танилцуулгын үеэр дурдсан. Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн зүгээс www.nosk.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK апплекейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдэж буй юм.

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталлаа

      Тэргүүлэгчдийн хурлаар мөн Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах  тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг 2 үе шаттайгаар хүлээн авах юм.

1 дүгээрт:  Иргэд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн Орон сууцны цахим мэдээллийн санд хүсэлтээ илгээнэ.

2 дугаарт: Ирсэн хүсэлтүүдээс шаардлага хангасан иргэдийн материалийг цаасаар хүлээн авч сонгон шалгаруулах комисст хүлээлгэн өгнө.   

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц  түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ