Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийджээНИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар “Цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд гэр хорооллын дахин төлөвлөлт зогсолтгүй явж байгаа нь сайшаалтай. Анх Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогчийн ажлаа авах үед энэ хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж талбарт шалгарсан байсан. Үүнээс зөвхөн 10 орчим аж ахуйн нэгж бодитой үйл ажиллагаа явуулж байлаа. Харин одоо 43 аж ахуйн нэгж 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж байна. Жилд 1500-1800 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 4500-6000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Баганат өргөө” ХХК-ийн бүтээн байгуулсан 300 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авч байна. Тухайн компани дахин төлөвлөлтийн ажилд манлайлан оролцож байгаа. Нийслэл болон Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээс хүсэж байгаа хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, ипотекийн зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд түлхүү өгөхөд анхаарах, мөн хөнгөлөлттэй зээлийг санал болгох, дэд бүтцийг анхаарах зэрэг юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь агаар, орчны бохирдлыг бууруулах хамгийн чухал төслүүдийн нэг учир бид аль болох дэмжин ажиллана” хэмээв.“Баганат өргөө” ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан “Манай компани олон улсын жишигт нийцсэн барилга барихад анхаарч, инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцээ бэлдсэний дараа барилгын ажлаа эхлүүлсэн. 250 мянган метр квадрат бүхий айлын орон сууц, 160 мянган метр квадрат үйлчилгээний талбай багтаж байгаа. Гэрээний үүргийн дагуу 260 өрхтэй гэрээ байгуулснаас 200 гаруй айлын гэрээ дүгнэгдэж, 420 айл байранд орсон. Газар чөлөөлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Мөн хоёр сургууль, хоёр цэцэрлэг төлөвлөсөн. Нэг цэцэрлэгийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан. Нийт 30.3 га талбайн 4.7 га талбайд барилга байгууламж, дөрвөн га талбайд авто зам, 16 га талбайд ногоон байгууламж бий болохоор шийдвэрлэсэн. Бүх ажлаа олон улсын стандартад нийцсэнээр хийж гүйцэтгэсэн” гэлээ