Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрын 300 орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны 70 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хуваарилах танилцуулгыг Нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар танилцууллаа.
“Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаарны 120 өрхийн 112 нь түрээслээд өмчлөх хэлбэрийг зөвшөөрсөн.
НОСК-иас иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд орон сууцаа 15 жил хүртэлх хугацаатайгаар түрээслээд өмчлөх зохицуулалтыг НОСК-иас хийлээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогодоо нийцүүлэн төлөх хугацаагаа сонгох боломжтой. Тодруулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байранд амьдарч буй иргэд түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлснээр иргэд байрныхаа талбайгаас хамаараад таван жилийн хугацаанд сард 410-710 мянган төгрөг төлөөд байраа өмчлөх боломжтой аж. Эсвэл 10 жилийн хугацаанд сар бүр 280-410 мянган төгрөг төлж, өмчлөх боломж мөн байгаа.
Байрнуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан учраас төлбөрт хүү бодохгүй
Харин Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны оршин суугчид сард 632-996 мянган төгрөг төлөөд таван жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өрхийн орлогодоо нийцүүлэн хугацааг 10 жил болговол сард 365-576 мянган төгрөг төлж болно. Эсвэл иргэд төлбөрөө урьдчилан төлөх боломжтой. Төвлөрч буй хөрөнгөөр эргүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Цаашид иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулна.