Улс орны нийгэм эдийн засаг, хөгжил дэвшлийн өнгө төрх болсон барилга, хот байгуулалтын салбарт оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулан ажиллаж буй нийт барилгачид, инженерүүд, мэргэжлийн холбоодын бүтээн байгуулагч Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 93 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж байна.
“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК нь өнгөрсөн хугацаанд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн бодлогын баримт бичиг, дэд хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулсан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 22400 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болох юм. Үүнээс 2019 онд гадны донор улс орнууд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран 5 байршилд 4208 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Мөн Түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилгоор ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ гэсэн шинэ хэлбэрийг нэвтрүүлэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ төрлийн орон сууцыг хөгжүүлснээр тогтмол орлоготой урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй олон айл өрхүүд орон сууцанд хамрагдах боломж бололцоо нээгдэхээс гадна Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах гэх мэтчилэн олон эерэг үр дагавруудыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Барилгын салбарын хувийн хэвшлийнхэн ч мөн дэмжиж хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа хэдий ч манай барилгын салбарынхан өөрсдийн эв нэгдэл, нөөц бололцоогоо дайчлан бүтээн байгуулалтын их ажлыг саад бэрхшээлгүй үргэлжлүүлж байна. Цаашид ч хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэл төгөлдөр байна.
ҮРГЭЛЖ ӨРГӨЖИН ДЭВШИН ДЭЭШИЛЖ БАЙХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!