"Цайз дэд төв"-ийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө 

Иргэдийн эзэмшил газрыг  орон сууцаар солих төслийг нийслэлийн удирдлагууд санаачилан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд  5.2 га газарт 310 өрхийн орон сууц, 10 дугаар хороонд 140 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд 4,3 га газарт орон сууц баригдахаар  уг төсөл хэрэгжиж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, Цайз модны захын ар хэсэгт 4,3 га талбайд хэрэгжиж буй “Цайз эко” төслийн ажлын явцыг шалгалаа.  Тус хэсгийн 79 өрх айл нэгдэн өмчилж буй газраа орон сууцаар солих хүсэлт гаргасны дагуу үнэлгээний ажил хийгдэн ийнхүү төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Тухайн хэсэгт 4,3 га газар чөлөөлөгдөж 270 гаруй иргэд орон сууцанд хамрагдах боломжтой болжээ.

НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Газраа чөлөөлсөн иргэд буйраа бүрэн цэвэрлэж, хүлээлгэж өгсний дараагаар орон сууцны түлхүүрээ гардан авч байгаа. Энэ хэсэгт газар чөлөөлөлт хийгдснээр нийт 83 өрхийн 120 гаруй яндан буусан тооцоо гарсан. Газраа чөлөөлсөн иргэд шууд орон сууцандаа орсон. Цайз захын арын энэ хэсэгт ногоон байгууламж ихтэй учраас аль болох ногоон байгууламжийг сүйтгэхгүйгээр төлөвлөлтийг хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд нэгдүгээр хэлхээний дэд бүтцийн ажлууд хийгдэж эхэлсэн. Газар чөлөөлөлт 83 хувьтай явагдаж байна. Газар чөлөөлөлт бүрэн хийгдсний дараагаар орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд хамгаалалтын хашаа хайс баригдана” хэмээн мэдээлэл өглөө.

Ирэх сарын эхээр “Шар хад” дэд төвийг байгуулах нарийвчилсан зураг төслийг хийх зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах аж. Ингэснээр нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран тухайн чөлөөлөгдсөн газар дээр баригдах орон сууцны хорооллыг цогц шийдлээр байгуулж, олон нийтийн хөгжлийн төв, ногоон байгууламж, төрийн үйлчилгээтэй байхаар төлөвлөж байгаа гэдгийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд  хэллээ.

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг “Хүн төвтэй бодлого, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжлийн бодлого”-д тулгуурлаж хийгдэх ёстой гэдгийг холбогдох албаныханд сануулсан юм.

Тэрбээр “Улаанбаатар хотод шинээр баригдах орон сууцны хороолол бүрийг цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, төрийн үйлчилгээтэй, явган хүн, дугуйн замтай иж бүрэн цогц шийдэлтэй байх ёстой. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд өмчтэй болох ёстой. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах хөтөлбөрийг иргэдийн амьжиргаанд тулгуурлаж маш оновчтой байдлаар зохион байгуулах болно. Урьдчилгаагүй иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр, эзэмшиж буй газраа орон сууцаар шууд солих зэргээр шат дараалж хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид боломжтой бүх хувилбарыг судалж, орон сууцжуулах төсөл үргэлжилнэ” гэв.

Зам тээврийн салбарын 24 албан хаагчид орон сууцны батламж гардуулав