Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа дэмжих зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвийн 18 нас хүрч бие даан амьдрахаар болсон хүүхэд залуучуудад их дээд сургуульд элсэн орох, сургалтын төлбөр болон орон сууц гэх мэт асуудал ихээхэн хүндрэл учруулдаг байна. Тиймээс энэхүү санамж бичгийн хүрээнд тэдгээр залуучуудад дэмжлэг үзүүлэн түрээсийн орон сууцанд хамруулахаар болж байна.
Өнгөрөгч хичээлийн жилд буюу 2019-2020 онд асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч 75 хүүхэд гарснаас 2 хүүхэд нь боломжгүйн улмаас асрамж халамжийн төвдөө амьдарч байгаа юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс дээрх 2 хүүхдэд Нийслэлийн түрээсийн орон сууцны санд буй орон сууцанд хамрагдах батламжийг албан ёсоор гардуулан өглөө.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь Нийслэлийн хэмжээнд түрээсийн орон сууцны санг бий болгож орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн энгийн түрээс болон түрээслээд өмчлөх орон сууцанд нийт 6235 иргэнийг хамруулан орон сууцжуулаад байна. Мөн шинэ төрлийн коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэхээр галын шугамд ажиллаж байгаа “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр орон сууцаар хангах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу 1000 албан хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр “НОСК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар дөнгөж амьдралд хөл тавьж буй залуучуудаа бид дэмжих ёстой. Зөвхөн түрээсийн орон сууцанд хамруулаад зогсохгүй цаашид ажлын байраар хангаж, өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрох нөхцөл бололцоог нэмэгдүүлэх нь чухал юм гэдгийг онцоллоо.