“Нийслэлийн орон сууцны корпораци”-иас Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн 10,000 айлын “Орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны бүтээн байгуулалтын ажлыг хийх төслийг эхлүүлэн ажиллаж байгаа билээ. Тус төслийн хүрээнд өнөөдөр Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо /Тос/-той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэм, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь болон бусад албаны хүмүүс оролцлоо. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллах, санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээ, мэдээлэл мөн хийгдсэн судалгаа тайлан, тавигдах шаардлага, стандарт, тэдгээртэй холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.
Энэ үеэр Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци маш олон шинэ ажил санаачилж эхлүүлсэн. Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих гэж байгаа иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм” хэмээлээ.