Сингапур улсын орон сууцжуулах хөтөлбөр

Иргэдээ орон сууцжуулах нь олон улс орнууд, том хотуудад тулгарч буй бодлогын сорилтуудын нэг билээ. Жишээ нь: Европын холбооны нийт улсуудын хүн амын 10-ны 1 нь орлогынхоо 40-с дээш хувийг орон сууцанд зарцуулдаг байна. Орлого зарцуулалтын хувь нь орлого багатай иргэдийн хувьд бүр ч өндөр байдаг бөгөөд засгийн газраас үүний хариуд иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлдэг. Эдийн засгийн хямралын дараа иргэдийг орон сууцжуулах системд ирэх дарамт ихэссэн ба Лондон зэрэг хотууд орон сууцны дутагдалтай төдийгүй орон сууцанд хамрагдах иргэдийн хүлээлгийн урт жагсаалт үүсээд буй юм.

Бүгд Найрамдах Сингапур улс нь далайн зүүн өмнөд Азийн бүрэн эрхт арлын хот ба Сингапур улсын газар нутаг нь нэг гол арал, 63 дагуул арлуудаас бүрддэг. Газар нутаг нь нөхөн сэргээлтийн өргөн цар хүрээтэй төслүүдийн үр дүнд Сингапур улс тусгаар тогтносноос хойш 25% -аар нэмэгджээ. Хүн амын нягтралаар дэлхийд хоёрдугаарт ордог тус улс 5.68  сая оршин суугчтай бөгөөд тэдний 61% (3.4 сая) нь Сингапурын иргэд юмМөн нэг хүнд ногдох ДНБ нь 106 мянган ам.доллар, дэлхийд 3-рт (IMF) ордог. 1963 онд Английн колонийг халж, тусгаар тогтносон энэ улс богино хугацаанд өндөр хөгжсөн аж үйлдвэр, үйлчилгээний салбартай, 160 мянган тив дамжсан компанийн төв байрласан, дэлхийн санхүүгийн том төв болж чадсан нь судлаачдын анхаарлыг татдаг. Хүн бүр өөрийн тохилог орон сууцтай, дунджаар 84 насалдаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын төвшинээрээ дэлхийд тэргүүлдэг улс бол Сингапур юм.

Сингапурын орон сууцжуулах хөтөлбөрийн хэмжээ нь гайхал төрөм ба Сингапурын нийт хүн амын 80% нь Орон Сууц Хөгжлийн Зөвлөл (Housing and Development Board)-ийн барьсан орон сууцанд амьдардаг. Засгийн газраас төлөвлөж, барьж бас хуваарилагдсаны дагуу  Орон Сууц Хөгжлийн Зөвлөлийн барилгуудыг түрээслэхийн оронд 99 жилээр лизинг (leasing)  олгодог ба үүний дараа хувийн хэвшлийн барилгатай адил нөхцөлөөр орон сууцны зах зээлд худалдаалдаг байна. Британий колончиллоос өвлөж авсан орон сууцны бодлого нь орон сууцны өмчлөл рүү чиглээгүй байсан ба аль болох олон хүнийг нийтийн орон сууцаар хангаж, өргөн тархсан байсан эмх замбараагүй хорооллуудыг орлуулах зорилготой. Харин 1960-д оны сүүлээр орон сууцыг худалдаалах чиглэлд бодлого өөрчлөгдсөн ба 1980-д он гэхэд орон сууц эзэмшигчдийн тоо тогтмол өсөж байлаа. Бодлогын хувьд тодорхой томъёололгүй боловч түрээсийн орон сууцнаас илүү орон сууц эзэмшигчдийг дэмжих тодорхой бодлого ажиглагддаг байсан байна. Орон сууцжуулах хувьцааны ердөө 6 хувийг л түрээсийн орон сууцанд зориулж байсан аж. Өндөр настнууд болон орлого багатай иргэдийн хувьд түрээсийн орон сууц байнгын боломжтой байхаар төрөөс зохицуулдаг бол залуу өрхүүдийн хувьд орон сууц түрээслэх нь орон сууц эзэмшихийн өмнөх үе шатанд тооцогдоно.

Сингапур улсын орон сууцжуулах бодлогууд нь 2 гол зорилготой байдаг. Үүнд: 1-рт боломжийн өртөгтэй ба чанартай байх; 2-рт хүрээлэн буй орчны аюулгүй байдал болон орлогын найдвартай байдал. Үүнээс орон сууцыг боломжийн өртөгтэй буюу худалдан авч чадахуйц (affordable) байлгах нь хамгийн үндсэн зорилго юм. Энэ нь засгийн газар орон сууцны нийлүүлэлтийг хангахын тулд барилгажилтын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чадамжтай байх ба иргэдэд орон сууцыг худалдаж авах арга замууд байх ёстой гэсэн үг юм. Эдгээр нь Сингапурын  Central Provident Fund (CPF)- Хуримтлалын төв сангийн санхүүгийн механизмаар дамжиж хэрэгждэг бөгөөд иргэд Хуримтлалын төв санд хадгаламжаа байршуулахаас эхэлдэг. Засгийн газар Хуримтлалын төв сангийн удирдах зөвлөлд хадгаламж авах зорилгоор бонд худалдаалдаг бөгөөд энэ нь эргээд Орон Сууц Хөгжлийн Зөвлөлд төрөл бүрийн зээл , тусламж болж очин орон сууцжуулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг юм. Түүнчлэн Орон Сууц Хөгжлийн Зөвлөл нь өрхүүдэд орон сууц худалдаж авахад туслах зээлийг олгодог бөгөөд Хуримтлалын төв сан дахь тухайн өрхийн хадгаламжаар ирээдүйд төлөгддөг байна. Анх удаа орон сууц худалдаж авч буй иргэдэд зориулсан төрөл бүрийн тэтгэмжийг мөн Орон Сууц Хөгжлийн Зөвлөлөөс олгодог.

Эх сурвалж: https://lkyspp.nus.edu.sg/docs/default-source/gia-documents/public-housing-policy-in-singapore_with-graphics(1).pdf?sfvrsn=7c4b6c0a_2

https://www.gazarchin.mn/%D1%81%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BF%D1%83%D1%80-%D1%83%D0%BB%D1%81/

 

"ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД”