Гэр хорооллыг орон сууцжуулахад Сингапурын туршлагаар тусгайлсан загвар боловсруулж, хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох хүмүүсийн хамт өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцаж, төсөл хэрэгжүүлж буй талбарт ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд нийт 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах шийдвэрийг НИТХ-аас баталсан. Энэ оны эхний хагас жилийн дүнгээр 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20,536 өрх төсөлд хамрагдаад буй юм.

Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг даргад  Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт  зургаан байршлын 24 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс дөрвөн байршлын 19 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжиж байна. Тус байршилд төслийн хүрээнд эхний ээлжинд 609 айл орон сууцтай болсон бол цаашид 550 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт долоон байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Үүнээс дүүргийн долоон хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн дөрвөн  талбайд зургаан төсөл хэрэгжүүлэгч ажлаа эхлээд байгаа юм. Төсөл хэрэгжүүлэгчид  нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Дээрх төслүүдээс  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт хэрэгжиж буй  “Оргил” төслийн явцыг танилцуулав. Төсөлд  “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байгааг Ерөнхий сайд болоод Хотын даргад танилцууллаа. Тус компани эхний ээлжинд 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд цаашид 378 айлын орон сууц нэмж ашиглалтад оруулах ажээ. Энэхүү төсөл хэрэгжүүлж буй хэсэгчилсэн талбайд орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажилд шаардлагатай санхүүжилтийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шинэ барилга ХХК-ийн хувьд  “Оргил” төслийн эхний ээлжийн орон сууцандаа дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрхийг оруулжээ. Ингэснээр дараагийн барилга барих боломж нөхцөл бүрдэж буй юм.Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас анх удаа нийслэлд 420 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрхэн зарцуулагдаж байгаатай танилцлаа. Сингапур Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ирэх сард тус зөвлөлөөс холбогдох мэргэжилтнүүд ирнэ. Үүнээс өмнө нийслэлийн удирдлагууд, холбогдох яамд хамтарч гэр хорооллыг хөгжүүлэх концепцийг дахин төлөвлөх үүрэг даалгавар өгч байна. Гэр хороолол хаус хороолол болж хөгжих бүрэн боломжтой. Энэ тохиолдолд хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэх шаардлага үүснэ. Тиймээс Сингапурын мэргэжилтнүүдээр хэсэгчилсэн дэд бүтцийн үнэлгээ хийлгэнэ. Мөн бусад дэд бүтэц, гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэл хотын түгжрэлийг бууруулах, төвлөрөлийг сааруулах зорилтын хүрээнд далайцтай томоохон бүтээн байгуулалтыг хийж байна. Цар тахлын жилүүдэд өрнөж амжаагүй бүтээн байгуулалтууд 2022 онд эхэллээ. Аливаа ажил, амжилтын гол үндэс бол зохион байгуулалт гэж бид үздэг. Тиймээс зохион байгуулалтыг маш сайн хийгээд түгжрэлийг бууруулахад зам засвар арчилгаа, хурдны зам, нийтийн тээврийн парк шинэчлэлт, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөлтийн дагуу хийж байна. Улаанбаатар хотын хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах, нэгдсэн стандарттай болгоход онцгойлон анхаарч байна. Өнөөдөр тусгайлсан хоёр байршилд хэрэгжиж буй гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай танилцлаа. Энэ хавьд л гэхэд 3725 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжиж байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж бүхий ард иргэдийн хэрэгцээг хангасан хотхонууд хотод олноороо бий болно. Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд Сингапур улсын туршлага, орон сууцны бодлогыг  нутагшуулан хэрэгжүүлж, ипотекийн зээлийн зохицуулалт, хөрөнгийн эх үүсвэрийн зөв схемчлэл гаргаж ирэхээр зорьж буй юм. Мөн хот төлөвлөлтийг нэг стандартад оруулах чиглэлээр тус улстай хамтран ажиллана” хэмээн өгүүллээ.

Гэр хорооллын газрыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11,755 айлын орон сууцыг ашиглалтад оруулснаар гэр хорооллын  5000 гаруй  /5182/ янданг буулгаад байна. Нийгмийн дэд бүтэц буюу сургууль,  цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулж байгаагаараа онцлог юм.

 

Оршин суугчдын хүсэлт, осол аваарын судалгаанд үндэслэн нүхэн гарц байгуулж байна