Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний замын металл хийцийг үндсэн гүүртэй угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой боллоо. Уг явган хүний гарцын засал, тохижилт хараахан дуусаагүй байгаа бөгөөд гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм. Одоогоор тэргэнцэр болоод бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг хараахан нээгээгүй байна.
Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилсэн. Түүнчлэн үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулсан билээ. Явган хүний гүүрэн гарцыг тохижуулж, налуу замын хөдөлгөөнийг нээснээр Олимпын гүүрний бүтээн байгуулалт бүрэн дуусах юм.