Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лимийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг дангаар үйлдвэрлэж байна. 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 27 жилийн дараа нийслэл хотод эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, санхүүжилтийн шинэ механизмуудыг ашиглах боломж бүрдсэн билээ. Энэхүү шинэчлэлийн дагуу нийслэлийн өмчийн хөрөнгө, ялангуяа нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргах шаардлагатай болсон. Энэ хүрээнд “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-тай хамтран ажиллахаар болсонд таатай байна хэмээлээ.
“Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лим нийслэлийн өмчийн хөрөнгийн үнэлгээг гаргах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах чиглэлд олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтрах, дэлхийн хотуудын туршлагыг судлах, цахим шилжилт, хог хаягдлын менежмент зэрэг олон салбарт дэмжин ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудын талаар судлахаар тохирлоо.